English

ЦАСХАН АППЛИКЕЙШНИЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Шинэчилсэн огноо: 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Товчхондоо: Цасхан бол зөвхөн гэр бүлд зориулсан аппликейшн. Таны байршил зөвхөн таны нэгдсэн гэр бүлийн тойргийн гишүүдэд харагдана. Гэр бүлээс гадуурх хүн таны хүүхдийг аппаар хайж олох, түүнтэй холбогдох боломжгүй. Хүүхдийн бүртгэлийг зөвхөн эцэг эх нь өөрийн утсан дээрх нэг удаагийн QR кодоор үүсгэх бөгөөд хүүхдээс и-мэйл хаяг, төрсөн огноо асуудаггүй. Зөвхөн хүүхдийн явсан замыг хадгалдаг бөгөөд 30 хоногийн дараа автоматаар устгана; эцэг эх, насанд хүрэгчдийн замыг хадгалдаггүй. Эхний 14 хоног үнэгүй; дараа нь Гэр бүл багцыг tsaskhan.com вэб сайтаар (QPay), эсвэл аппаас (App Store, Google Play) төлнө. Картын болон банкны мэдээлэл Цасханд ирдэггүй. Багц төлөгдөөгүй үед ч SOS ажилласаар байна. Бид таны мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй. Бүртгэлээ аппаас хүссэн үедээ устгах боломжтой.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. 1.1. Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Цасхан (Tsaskhan) аппликейшн (цаашид “Цасхан” гэх) хэрэглэгчийн хувийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, устгах харилцааг зохицуулна.
  2. 1.2. Энэхүү Бодлогыг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн) болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан.
  3. 1.3. Цасхан нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалах, хууль бусаар ашиглахгүй байх, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг хүлээнэ.
  4. 1.4. Энэхүү Бодлого нь Android болон iPhone үйлдлийн систем дээрх Цасхан аппликейшн, түүнчлэн https://tsaskhan.com вэб сайтад (багц худалдан авах хуудас болон сургуулийн хүсэлтийн маягт) адил хамаарна.
  5. 1.5. Цасхан нь эцэг эх, хүүхэд, өвөө, эмээ зэрэг нэг гэр бүлийн гишүүдэд зориулсан аппликейшн юм. Найз нэмэх, хос болох, найзтайгаа чатлах боломжийг аппад санал болгодоггүй.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

  1. 2.1. Энэхүү Бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    1. 2.1.1. “Хэрэглэгч” гэж Цасханд бүртгэлтэй, үйлчилгээг ашиглаж буй насанд хүрсэн хүн болон хүүхдийг;
    2. 2.1.2. “Мэдээллийн эзэн” гэж хувийн мэдээллээр нь тодорхойлогдох хэрэглэгчийг;
    3. 2.1.3. “Мэдээлэл хариуцагч” гэж Цасханыг хөгжүүлэгч, хувь хүн Д.Тулгыг;
    4. 2.1.4. “Байршлын мэдээлэл” гэж хэрэглэгчийн утасны GPS, Wi-Fi, үүрэн сүлжээгээр тодорхойлсон газарзүйн өргөрөг, уртраг, түүний нарийвчлал, хөдөлгөөний хурдыг;
    5. 2.1.5. “Гэр бүлийн тойрог” гэж зургаан тэмдэгт бүхий код эсвэл QR кодоор нэгдсэн, гишүүд нь бие биенийхээ байршлыг харах гэр бүлийн бүлгийг;
    6. 2.1.6. “Эцэг эх” гэж гэр бүлийн тойрогт эцэг эхийн үүрэгтэй, хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагчийг;
    7. 2.1.7. “Хүүхэд” гэж 18 нас хүрээгүй, эцэг эхийнх нь үүсгэсэн QR кодоор бүртгэгдэж гэр бүлийн тойрогт нэгдсэн хэрэглэгчийг;
    8. 2.1.8. “Гишүүн” гэж эцэг эх, хүүхдээс бусад, гэр бүлийн тойрогт нэгдсэн насанд хүрсэн хэрэглэгчийг (жишээ нь өвөө, эмээ);
    9. 2.1.9. “Насны ангилал” гэж эцэг эхийн хүүхдэдээ сонгосон 8–12, 13–14, 15–17 насны ангиллыг;
    10. 2.1.10. “Түр нуух горим” гэж 13–17 насны хүүхэд эцэг эхийнхээ зөвшөөрсөн хугацаанд яг байршлынхаа оронд ойролцоогоор 2 км хэмжээтэй бүсийг хуваалцах горимыг;
    11. 2.1.11. “Маршрутын түүх” (аппад “Түүх” гэж харагдана) гэж хүүхдийн утаснаас хадгалсан, өдөр тутмын явсан замын тэмдэглэлийг;
    12. 2.1.12. “Гэр бүлийн газар” гэж эцэг эхийн газрын зураг дээр тэмдэглэсэн Гэр, Сургууль, Сургалт болон бусад газрыг (тус бүр 30–300 метрийн хэмжээтэй);
    13. 2.1.13. “Байршлаа хуваалцах” гэж насанд хүрсэн хэрэглэгч өөрийн байршлыг гэр бүлээсээ нуухын тулд унтрааж болох тохиргоог (өмнө нь “Сүнс горим” гэж нэрлэдэг байсан);
    14. 2.1.14. “SOS” гэж хэрэглэгч аюулд орсон үедээ гэр бүлийн тойрогтоо яаралтай дохио илгээх үйлдлийг;
    15. 2.1.15. “Ирсэн мэдэгдэл” гэж тухайн бүртгэлд илгээсэн мэдэгдлүүдийг аппын дотор 30 хоног хадгалдаг хэсгийг;
    16. 2.1.16. “Багц” гэж Гэр бүл багцыг (14 хоногийн үнэгүй туршилтыг оруулаад) ойлгоно. Гэр бүлийн аль нэг эцэг эхийн багц хүчинтэй байх хугацаанд тухайн гэр бүл аппыг бүрэн ашиглана.

ГУРАВ. ЦАСХАН ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

  1. 3.1. Насанд хүрсэн хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл: и-мэйл хаяг, нууц үг (нууц үгийг зөвхөн шифрлэгдсэн хэлбэрээр Google Firebase хадгалах бөгөөд бид харах боломжгүй), гэр бүлдээ харагдах нэр, өөрийн сонгосон дүрс (зураг эсвэл эможи) болон өнгө. Бүртгүүлэхдээ хэрэглэгч 18 ба түүнээс дээш настай гэдгээ тэмдэглэж баталгаажуулна. И-мэйл хаягийг зөвхөн нэвтрэхэд ашиглах бөгөөд бусад хэрэглэгчид харагдахгүй.
  2. 3.2. Хүүхдийн бүртгэлийн мэдээлэл: эцэг эхийн оруулсан хүүхдийн нэр, насны ангилал (8–12, 13–14 эсвэл 15–17), хүүхдийн сонгосон дүрс, өнгө. Хүүхдийн бүртгэлд и-мэйл хаяг, нууц үг ашиглахгүй бөгөөд хүүхдийн төрсөн огноог хэзээ ч цуглуулахгүй.
  3. 3.3. Байршлын мэдээлэл: таны сүүлийн байршил (өргөрөг, уртраг), түүний нарийвчлал, хурд, шинэчлэгдсэн цаг. Шинэ байршил өмнөхийг дарж бичигдэнэ.
  4. 3.4. Хүүхдийн маршрутын түүх: зөвхөн хүүхдийн утаснаас, тухайн хүүхэд хүүхдийн үүрэгтэй байгаа гэр бүлийн тойрогт хадгалагдана. Хүүхэд бүрт өдөрт нэг бичлэг үүсэх бөгөөд үүнд замын цэгүүд (хөдөлж байхад ойролцоогоор 30 метр тутам, нэг дор байхад 10 минут тутам), гэр бүлийн газарт ирсэн, тэндээс явсан цаг орно. Эцэг эх болон насанд хүрсэн бусад хэрэглэгчийн явсан замыг Цасхан хадгалдаггүй. Түр нуух горимын үед маршрутын түүх бичигдэхгүй.
  5. 3.5. Утасны төлөв: цэнэгийн түвшин, цэнэглэж буй эсэх, байршил асаалттай эсэх (асаалттай, унтраалттай, утсанд зөвшөөрөгдөөгүй), “Байршлаа хуваалцах” тохиргоо болон түр нуух горим асаалттай эсэх, түүний хугацаа.
  6. 3.6. Гэр бүлийн харилцаа:
    1. 3.6.1. гэр бүлийн тойргийн нэр, код, гишүүд, гишүүн бүрийн үүрэг (эцэг эх, хүүхэд, гишүүн);
    2. 3.6.2. гэр бүлийн газрууд (нэр, байрлал, хэмжээ), тэнд ирсэн, тэндээс явсан тухай тэмдэглэл;
    3. 3.6.3. “Энд байна”, “Намайг ав” мэдэгдэл, түүнд эцэг эхийн өгсөн “Би ирж байна”, “Авлаа” хариу, түр нуух горим эхэлсэн тухай мэдэгдэл;
    4. 3.6.4. SOS дохио (тухайн үеийн байршлын хамт), түүнд өгсөн “Би хариуцъя” хариу;
    5. 3.6.5. гэр бүлийн чатын мессеж, гэр бүлийн хоёр гишүүний хоорондын чатын мессеж, илгээсэн цаг, чатыг сүүлд уншсан цаг;
    6. 3.6.6. гэр бүлийн гишүүндээ өгсөн хувийн нэр (зөвхөн танд харагдана).
  7. 3.7. Төхөөрөмжийн мэдээлэл: байршлыг аль утаснаас хуваалцаж буйг тодорхойлох, аппыг суулгах үед үүсгэсэн санамсаргүй дугаар, мэдэгдэл хүргэхэд шаардлагатай утас бүрийн токен, үйлдлийн систем (Android эсвэл iPhone), аппын хэл.
  8. 3.8. Ирсэн мэдэгдэл: таны бүртгэлд илгээсэн мэдэгдэл бүрийн гарчиг, агуулга, төрөл, илгээсэн цаг, уншсан эсэх. Гэр бүлийн чатын мессеж болон SOS-ийн минут тутам давтагдах сануулга энд хадгалагдахгүй.
  9. 3.9. Багц, төлбөрийн мэдээлэл: таны бүртгэл ямар багцтай, хэдий хүртэл хүчинтэй, хэрхэн идэвхжсэн (туршилт, QPay, App Store эсвэл Google Play), 14 хоногийн үнэгүй туршилтыг ашигласан эсэх, гэр бүл хэдий хүртэл төлөгдсөн. Төлбөр бүрд захиалга, гүйлгээний бичлэг үүснэ (9 дүгээр хэсгийг үзнэ үү).
  10. 3.10. Сургуулийн хүсэлт: tsaskhan.com дээрх маягтаар сургууль, анги хүсэлт илгээвэл маягтад бичсэн мэдээлэл (10 дугаар хэсгийг үзнэ үү).
  11. 3.11. Камер: хүүхдийн утас эцэг эхийн QR кодыг, эсвэл насанд хүрсэн хэрэглэгч гэр бүлийн тойргийн QR кодыг уншихад л камерыг ашиглана. Камерын дүрсийг хадгалахгүй, серверт илгээхгүй.
  12. 3.12. Хаяг: хүүхдийн маршрутын түүхэд гэр бүлийн газар биш зогсоол гарвал түүний гудамж, байрны хаягийг харуулна. Үүний тулд түүхийг нээж буй утас зогсоолын координатыг утасны өөрийн хаяг тодорхойлох үйлчилгээ рүү (Android утсанд Google, iPhone утсанд Apple) илгээж хаягийг авна. Энэ хаягийг Цасхан хадгалахгүй.
  13. 3.13. Цасхан аппаар дамжуулан таны утасны дугаар, регистрийн дугаар, төрсөн огноо, харилцагчийн жагсаалт, утсан дахь зураг, файл, микрофон, зар сурталчилгааны дугаар, банкны карт, дансны мэдээллийг цуглуулдаггүй. Утасны луужингаар тодорхойлсон чиглэл зөвхөн таны утсан дээр газрын зурагт харагдах бөгөөд хаашаа ч илгээгдэхгүй.
  14. 3.14. Аппад Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, фитнесс, усан бассейн, спорт клуб, дугуйлан зэрэг газрын жагсаалтыг OpenStreetMap-аас (© OpenStreetMap contributors, ODbL лиценз) авч урьдчилан суулгасан бөгөөд эцэг эх Сургууль, Сургалт зэрэг газрыг сонгоход ашиглана. Энэ жагсаалт хувь хүний мэдээлэл агуулаагүй бөгөөд түүнийг ашиглахад таны тухай ямар ч мэдээлэл хаашаа ч илгээгдэхгүй.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЗОРИЛГООР АШИГЛАДАГ ВЭ?

  1. 4.1. Таны гэр бүлийн тойргийн гишүүдэд газрын зураг дээр таны байршил, цэнэгийг харуулах, зай, замыг тооцоолох;
  2. 4.2. Гэр бүлийн чат, хоёр хүний хоорондын чат, “Энд байна”, “Намайг ав” мэдэгдэл, SOS дохиог хүргэх;
  3. 4.3. Гэр бүлийн газарт ирсэн, тэндээс явсан тухай мэдэгдэл үүсгэх, хүүхдийн маршрутын түүхийг эцэг эхэд нь харуулах;
  4. 4.4. Эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдийн бүртгэлийг үүсгэж, насны ангилалд тохирсон дэлгэц, тохиргоог хүүхдийн утсанд харуулах;
  5. 4.5. Хүүхдийн байршил унтарсан, удаан шинэчлэгдээгүй, цэнэг дуусах дөхсөн үед эцэг эхэд анхааруулах;
  6. 4.6. Бүртгэл, нэвтрэлтийг баталгаажуулах, багцын төлбөрийг шалгаж багцыг идэвхжүүлэх, багц дуусахаас өмнө сануулах, аппын аюулгүй байдлыг хангах;
  7. 4.7. Сургуулийн хүсэлтэд хариу өгөх;
  8. 4.8. Цасхан таны мэдээллийг зар сурталчилгаа, профайл үүсгэх, худалдах зорилгоор ашиглахгүй.

ТАВ. ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭН ХАРАХ ВЭ?

  1. 5.1. Таны нэр, дүрс, байршил, цэнэг, байршил сүүлд шинэчлэгдсэн цагийг зөвхөн таны нэгдсэн гэр бүлийн тойргийн гишүүд харна. Гэр бүлээс гадуурх хүн таныг болон таны хүүхдийг аппаар хайж олох, мессеж илгээх боломжгүй.
  2. 5.2. 8–12 насны хүүхэд эцэг эхийнхээ байршлыг харахгүй (8 дугаар хэсэгт заасан SOS-ийн үеэс бусад тохиолдолд). 13–17 насны хүүхэд эцэг эхээ харна.
  3. 5.3. Гэр бүлийн чатын мессежийг зөвхөн тухайн гэр бүлийн тойргийн гишүүд, хоёр хүний хоорондын чатыг зөвхөн тэр хоёр хүн уншина.
  4. 5.4. Хүүхдийн маршрутын түүхийг зөвхөн тухайн гэр бүлийн тойрогт байгаа хүүхдийн эцэг эх болон хүүхэд өөрөө харна. Гишүүд (жишээ нь өвөө, эмээ) үүнийг харахгүй.
  5. 5.5. Насанд хүрсэн хэрэглэгч “Байршлаа хуваалцах” тохиргоог унтраавал түүний байршил, цэнэгийн мэдээлэл серверээс устгагдаж, гэр бүл нь түүнийг харахаа болино. Хүүхэд эцэг эхээсээ байршлаа нуух боломжгүй бөгөөд 13–17 насны хүүхэд 7 дугаар хэсэгт заасан түр нуух горимыг ашиглаж болно.
  6. 5.6. Гэр бүлийн тойргийн кодыг мэдсэн насанд хүрсэн хүн тухайн тойрогт нэгдэх боломжтой тул кодыг зөвхөн гэр бүлийнхэндээ өгнө үү. Хүүхэд зөвхөн эцэг эхийнхээ нэг удаагийн QR кодоор нэгдэнэ.
  7. 5.7. Ирсэн мэдэгдэл, төхөөрөмжийн токен, багцын мэдээллийг зөвхөн тухайн бүртгэлийн эзэн харна. Захиалгын бичлэг, сургуулийн хүсэлтийг ямар ч хэрэглэгч аппаас болон вэб сайтаас уншиж чадахгүй; тэдгээрийг зөвхөн Мэдээлэл хариуцагч Firebase-ийн удирдлагын хэсгээр харна.
  8. 5.8. Цасхан таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй. Үйлчилгээг ажиллуулахад ашигладаг үйлчилгээ үзүүлэгчдийг 11 дүгээр хэсэгт заасан. Хуульд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд мэдээллийг задруулахгүй.

ЗУРГАА. АПП ХААЛТТАЙ ҮЕД БАЙРШИЛ ХУВААЛЦАХ

  1. 6.1. Хэрэглэгч байршлын зөвшөөрөл олгосон бөгөөд байршлаа хуваалцаж байгаа үед Цасхан апп дэлгэц дээр нээлттэй биш байсан ч байршлыг гэр бүлийн тойрогтоо хуваалцана. Хөдөлсөн, цэнэг өөрчлөгдсөн үед, мөн нэг дор байхад хэдэн минут тутамд шинэчилнэ.
  2. 6.2. Android утсан дээр энэ үед “Цасхан таны байршлыг хуваалцаж байна” гэх мэт байнгын мэдэгдэл харагдана. iPhone утсан дээр дэлгэцийн дээд хэсэгт цэнхэр тэмдэг харагдана. Байршил хуваалцахгүй байгаа үед энэ мэдэгдэл, тэмдэг харагдахгүй.
  3. 6.3. Утас унтарч асах, апп шинэчлэгдэх үед хүүхдийн утас аппыг нээлгүйгээр байршлаа дахин хуваалцаж эхлэхийн тулд зөвхөн хүүхдийн утсан дээр байршлыг “Үргэлж зөвшөөрөх” эрхийг асууна. Хүүхэд үүнийг зөвшөөрөхгүй байж болно. Эцэг эх, насанд хүрсэн хэрэглэгчээс энэ эрхийг асуудаггүй.
  4. 6.4. Насанд хүрсэн хэрэглэгч “Байршлаа хуваалцах” тохиргоог унтраах, эсвэл утасныхаа тохиргооноос байршлын зөвшөөрлийг хүссэн үедээ зогсоох боломжтой. Хүүхдийн байршил зогсвол эцэг эхэд нь мэдэгдэнэ.
  5. 6.5. Гэр бүлийн гишүүн рүү очих замыг харахыг хүсвэл таны болон тухайн гишүүний байршил замыг тооцоолохоор Google руу илгээгдэнэ.

ДОЛОО. ХҮҮХЭД БА ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВШӨӨРӨЛ

  1. 7.1. Бүртгүүлэхдээ хэрэглэгч насанд хүрсэн (18 ба түүнээс дээш настай) эсвэл 18 нас хүрээгүй хүүхэд эсэхээ сонгоно. Насанд хүрсэн хэрэглэгч и-мэйл хаяг, нууц үгээр бүртгүүлж, “Би 18 ба түүнээс дээш настай” гэдгийг тэмдэглэнэ. 18 нас хүрээгүй хүн и-мэйлээр бүртгүүлэхгүй бөгөөд зөвхөн эцэг эхийнхээ QR кодоор гэр бүлдээ нэгдэнэ.
  2. 7.2. Хүүхдийн бүртгэлийг эцэг эх нь өөрийн аппаас нэг удаагийн QR код үүсгэж, хүүхдийн нэрийг бичиж, насны ангиллыг сонгосноор эхлүүлнэ. QR код 15 минут хүчинтэй бөгөөд зөвхөн нэг удаа ашиглагдана. Хүүхдийн утсаар QR кодыг уншуулахад сервер хүүхдийн бүртгэлийг үүсгэж, гэр бүлийн тойрогт нэгтгэнэ.
  3. 7.3. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр цуглуулна. Хэн нэгнийг хүүхдээр нэмэх (QR код үүсгэх эсвэл гишүүнийг хүүхэд болгох) бүрд апп эцэг эхээс “Та энэ хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч мөн үү?” гэж асууж, баталгаажуулалтыг хэн, хэзээ өгснийг хадгална. Ингэж баталгаажуулснаар эцэг эх өөрийгөө хүүхдийн эцэг, эх эсхүл асран хамгаалагч мөн гэдгийг баталж, энэхүү Бодлогод заасны дагуу хүүхдийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрсөнд тооцно. 13 хүрээгүй хүүхэд Цасханыг зөвхөн ийм зөвшөөрлөөр, эцэг эхийн үүсгэсэн бүртгэлээр ашиглана.
  4. 7.4. Насны ангилал нь хүүхдийн утсан дээр юу харагдахыг тодорхойлно:
    1. 7.4.1. 8–12 нас: том товчтой энгийн дэлгэц. Хүүхэд эцэг эхийнхээ байршлыг харахгүй, түр нуух горим байхгүй;
    2. 7.4.2. 13–14 нас: аппын бүрэн дэлгэц. Хүүхэд эцэг эхээ харах бөгөөд эцэг эхийн зөвшөөрснөөр өдөрт 3 цаг хүртэл түр нуух горимыг ашиглана;
    3. 7.4.3. 15–17 нас: аппын бүрэн дэлгэц. Хүүхэд эцэг эхээ харах бөгөөд эцэг эхийн зөвшөөрснөөр өдөрт 6 цаг хүртэл түр нуух горимыг ашиглана.
  5. 7.5. Түр нуух горим:
    1. 7.5.1. 1–3 цагаар, эсвэл “гэртээ очих хүртэл” гэсэн хугацаагаар асаана. 22:00–06:00 цагийн хооронд ашиглах боломжгүй;
    2. 7.5.2. Энэ үед гэр бүлд зөвхөн ойролцоогоор 2 км хэмжээтэй бүс харагдах бөгөөд хүүхдийн яг байршил утсан дотроо үлдэнэ;
    3. 7.5.3. Горим эхлэхэд эцэг эхэд эхэлсэн тухай болон хэдэн цаг хүртэл үргэлжлэхийг мэдэгдэнэ;
    4. 7.5.4. Хүүхэд гэртээ ирэхэд, 22:00 цагт, эсвэл SOS, “Намайг ав” дарахад горим дуусна. SOS болон “Намайг ав” үргэлж яг байршлыг илгээнэ;
    5. 7.5.5. Энэ хугацаанд маршрутын түүх бичигдэхгүй.
  6. 7.6. Эцэг эх нь хүүхдийнхээ байршил, цэнэг, байршил сүүлд шинэчлэгдсэн цаг, байршил унтарсан эсвэл удаан шинэчлэгдээгүй тухай анхааруулга, гэр бүлийн газарт ирсэн, тэндээс явсан тухай мэдэгдэл, маршрутын түүх, “Энд байна”, “Намайг ав” мэдэгдэл, SOS дохиог харна. Гэр бүл багц хүчинтэй үед маршрутын түүхийн сүүлийн 7 хоног харагдана. Маршрутын түүх серверт 30 хоногоос илүү хадгалагдахгүй.
  7. 7.7. Цасхан хүүхдийн утсан дээрх бусад апп, мессеж, зураг, дуудлагыг уншихгүй, апп хаах, дэлгэцийн цагийг хязгаарлахгүй.
  8. 7.8. Хүүхэд өөрийг нь хэн харж байгааг аппын дэлгэц дээр үргэлж хардаг бөгөөд Цасханыг хүүхдийн утсан дээр нуух, хүүхдийн мэдэлгүйгээр суулгах боломжгүй.
  9. 7.9. Эцэг эх шинэ QR код үүсгэж хүүхдийн бүртгэлийг шинэ утас руу шилжүүлж болно. Энэ үед хуучин утаснаас бүртгэл гарна.
  10. 7.10. Хүүхэд гэр бүлийн тойргоос гарах эсвэл бүртгэлээ устгахад эцэг эхэд нь хүүхдийн нэрийг дурдан мэдэгдэнэ. Үүний тулд эцэг эхийн оруулсан хүүхдийн нэр тухайн тойрогт үлдэнэ.
  11. 7.11. Хүүхдийн бүртгэлийг хүүхдийн утсан дээрх “Бүртгэлээ устгах” товчоор устгаж болно. Эцэг эх хүүхдийнхээ бүртгэлийг устгуулахыг хүсвэл 13 дугаар хэсэгт заасны дагуу бидэнд хандана.
  12. 7.12. Хүүхэд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр Цасханыг ашиглаж байна гэж үзвэл tsaskhan.support@gmail.com хаягаар мэдэгдэнэ үү. Бид тухайн хүүхдийн мэдээллийг устгана.

НАЙМ. МЭДЭГДЭЛ, ИРСЭН МЭДЭГДЭЛ, SOS, “ЭНД БАЙНА”, “НАМАЙГ АВ”

  1. 8.1. Мэдэгдэл илгээхэд Google Firebase Cloud Messaging болон Apple Push Notification service-ийг ашиглана. Мэдэгдлийн агуулга нь илгээгчийн нэр, чатын мессежийн эхлэл, эсвэл “Гэртээ ирлээ” гэх мэт богино мэдээлэл байх бөгөөд утасны түгжээтэй дэлгэц дээр харагдаж болно. Мэдэгдлийг утасныхаа тохиргооноос унтрааж болно.
  2. 8.2. Таны бүртгэлд илгээсэн мэдэгдэл (чатын мессежээс бусад) аппын “Ирсэн мэдэгдэл” хэсэгт 30 хоног хадгалагдаж, дараа нь устгагдана. Энэ хэсэг “Гэр бүл” (SOS, ирсэн, явсан, “Энд байна”, хүүхдийг авах, хүүхдийн утасны тухай анхааруулга гэх мэт) болон “Цасхан” (аппын шинэчлэлт, багцын сануулга гэх мэт) гэсэн хоёр хэсэгтэй.
  3. 8.3. Хүүхдийн “Энд байна”, “Намайг ав” мэдэгдэл тухайн хүүхдийн эцэг эхэд очиж, гэр бүлийн чатад карт болж харагдана. Эцэг эхийн нэг нь “Би ирж байна”, дараа нь “Авлаа” гэж хариулахад хүүхэд болон бусад эцэг эхэд мэдэгдэнэ. Насанд хүрсэн хэрэглэгчийн “Энд байна” мэдэгдэл гэр бүлийн чатад очно.
  4. 8.4. Хүүхэд SOS дохио илгээхэд дохио болон хүүхдийн тухайн үеийн байршил гэр бүлийн тойргийн эцэг эхэд очно. Эцэг эхийн SOS дохио бусад эцэг эх, 13–17 насны хүүхэд, гишүүдэд очих бөгөөд 8–12 насны хүүхдэд очихгүй. Хэн нэгэн “Би хариуцъя” гэж хариулах хүртэл дохио дуугарна. SOS идэвхтэй байх үед 8–12 насны хүүхэд хамгийн ойр байгаа эцэг эхийнхээ байршлыг нэг цаг хүртэл харна.
  5. 8.4а. Цасхан апп нээлттэй байх үед SOS-оос бусад мэдэгдэл утасны мэдэгдлээр бус, аппын дотор богино мөр болж харагдана.
  6. 8.5. Цасханы SOS нь интернэт холболттой үед л ажиллах бөгөөд яаралтай тусламжийн албыг орлохгүй. Аюулд орвол 102 (цагдаа), 103 (түргэн тусламж), 101 (гал түймэр)-д шууд залгана уу.

ЕС. БАГЦ, ТӨЛБӨР

  1. 9.1. Гэр бүл багцыг https://tsaskhan.com/pay вэб хуудсаар QPay-ээр (банкны апп эсвэл QR кодоор) худалдан авна. Үнэ: сард ₮9,900, 6 сард ₮47,000, жилд ₮79,000. Мөн аппаас iPhone утсанд App Store-оор, Android утсанд Google Play-ээр (тухайн дэлгүүрийн үнээр) авах боломжтой.
  2. 9.2. Вэб хуудсанд аппын бүртгэлийнхээ и-мэйл хаяг, нууц үгээр (Firebase Authentication) нэвтэрнэ. Хүүхдийн бүртгэлээр багц худалдан авах боломжгүй.
  3. 9.3. Төлбөр төлөх бүрд Цасхан дараах захиалгын мэдээллийг хадгална: бүртгэлийн дугаар, багц, хугацаа (1, 6 эсвэл 12 сар), дүн, QPay нэхэмжлэхийн дугаар, төлөв (хүлээгдэж буй, төлөгдсөн, амжилтгүй), үүсгэсэн болон төлсөн цаг, багц хэдий хүртэл сунгагдсан.
  4. 9.4. Картын болон банкны дансны мэдээллийг QPay болон таны банк боловсруулах бөгөөд Цасханд ирэхгүй, Цасхан хадгалахгүй. Цасхан QPay-ээс зөвхөн тухайн нэхэмжлэх бүрэн төлөгдсөн эсэхийг шалгана.
  5. 9.5. Банкны аппад төлбөр хүлээн авагч нь “NANA SPA” гэж харагдана. Энэ нь Цасханы хөгжүүлэгчийн бүртгэлтэй бизнесийн QPay данс бөгөөд Цасханы төлбөрийг хүлээн авдаг.
  6. 9.5а. iPhone-ийн аппаас худалдан авахад төлбөрийг Apple таны Apple ID-аар хүлээн авч боловсруулна. Цасхан Apple-ийн гарын үсэгтэй гүйлгээний мэдээллийг (гүйлгээний дугаар, бүтээгдэхүүн, худалдан авсан огноо, орчин) шалгаж, бүртгэлийн дугаартай хамт хадгална. Таны карт болон Apple ID-ийн мэдээлэл Цасханд ирэхгүй. Буцаан олголтыг Apple шийдвэрлэнэ.
  7. 9.5б. Android утсан дээр аппаас худалдан авахад төлбөрийг Google Play таны Google бүртгэлээр хүлээн авч боловсруулна. Цасхан Google-ээс худалдан авалтын мэдээллийг (захиалгын дугаар, бүтээгдэхүүн, төлөв) шалгаж, бүртгэлийн дугаартай хамт хадгална. Таны карт болон Google бүртгэлийн мэдээлэл Цасханд ирэхгүй. Буцаан олголтыг Google шийдвэрлэнэ.
  8. 9.6. Насанд хүрсэн хэрэглэгч аппыг анх нээхэд Гэр бүл багц 14 хоног үнэгүй автоматаар идэвхжинэ. Туршилтыг нэг бүртгэлд нэг л удаа олгоно.
  9. 9.7. Багц автоматаар сунгагдахгүй, мөн автоматаар төлбөр татахгүй; дахин төлсөн тохиолдолд л сунгагдана. Багц эсвэл туршилт дуусахаас 3 хоногийн өмнө сануулга илгээнэ.
  10. 9.8. Гэр бүлийн аль ч эцэг эхийн багц хүчингүй болсон үед тухайн гэр бүлийн апп (газрын зураг, чат, газрууд, түүх гэх мэт) түр хаагдаж, багц авах дэлгэц харагдана. Энэ үед SOS ажилласаар байх бөгөөд SOS идэвхтэй байх хугацаанд газрын зураг нээгдэнэ. Багц хаагдахад таны мэдээлэл устгагдахгүй; багцыг сунгахад бүх зүйл хэвээрээ сэргэнэ.

АРАВ. СУРГУУЛИЙН ХҮСЭЛТИЙН МАЯГТ

  1. 10.1. tsaskhan.com вэб сайт дээр сургууль, анги тусгай санал авахаар хүсэлт илгээх маягт бий. Маягтад сургуулийн нэр, анги, гэр бүлийн тоо, холбоо барих хүний нэр, утасны дугаар, албан тушаал (багш, ангийн эцэг эхийн төлөөлөгч, сургуулийн удирдлага, бусад), нэмэлт мессеж бичнэ.
  2. 10.2. Хүсэлтийг зөвхөн Мэдээлэл хариуцагч унших боломжтой газар хадгалж, түүнд мэдэгдэл илгээнэ. Энэ мэдээллийг зөвхөн хүсэлтэд хариу өгөхөд ашиглана.
  3. 10.3. Нэг хаягаас цагт таваас олон хүсэлт ирэхээс сэргийлэхийн тулд илгээгчийн интернэт (IP) хаягийг буцааж сэргээх боломжгүй хэлбэрт (hash) хувиргаж хадгална.

АРВАН НЭГ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

  1. 11.1. Мэдээлэл нь Google Firebase (Google Cloud)-ийн Сингапур дахь дата төвд (asia-southeast1) хадгалагдаж, Цасханы серверийн код (Cloud Functions) мөн тэнд ажиллана. Иймд Цасханыг ашигласнаар таны мэдээлэл Монгол Улсаас гадна хадгалагдана. Google Cloud нь ISO/IEC 27001 зэрэг олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангадаг.
  2. 11.2. Утас, вэб сайт болон серверийн хоорондох бүх мэдээлэл шифрлэгдсэн (HTTPS/TLS) сувгаар дамжина.
  3. 11.3. Мэдээлэлд хэн хандах эрхтэйг Firestore-ийн аюулгүй байдлын дүрмээр серверийн түвшинд хязгаарласан тул хэрэглэгч зөвхөн өөрт зөвшөөрөгдсөн мэдээллийг харна.
  4. 11.4. Гэр бүлийн болон хоёр хүний хоорондын чатын мессеж нь төгсгөлөөс төгсгөл хүртэл (end-to-end) шифрлэгдээгүй бөгөөд серверт хадгалагдана. Чатын мессежийг зөвхөн тухайн чатын гишүүд уншина; Мэдээлэл хариуцагч тэдгээрийг хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд уншихгүй.
  5. 11.5. Цасханы үйлчилгээг ажиллуулахад дараах үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг боловсруулна:
    1. 11.5.1. Google Firebase (Authentication, Cloud Firestore, Cloud Functions, Cloud Messaging, Hosting): бүртгэл, нэвтрэлт, мэдээллийг хадгалах, мэдэгдэл хүргэх, tsaskhan.com вэб сайтыг байршуулах. Аюулгүй байдлын үүднээс Google таны утас, хөтчийн IP хаяг зэрэг техникийн мэдээллийг боловсруулдаг;
    2. 11.5.2. Google Maps Platform (Maps SDK, Routes API): газрын зураг харуулах, зам тооцоолох. Google-ийн газрын зургийн программ хэрэглээ, алдааны мэдээллийг Google-д цуглуулж болно;
    3. 11.5.3. Утасны хаяг тодорхойлох үйлчилгээ (Android утсанд Google, iPhone утсанд Apple): 3.12-т заасны дагуу зогсоолын хаягийг тодорхойлох;
    4. 11.5.4. Google Fonts: апп хоёр фонтоо Google-ээс татаж авах бөгөөд энэ үед Google таны утасны IP хаягийг харна;
    5. 11.5.5. Apple Push Notification service: iPhone утсанд мэдэгдэл хүргэх;
    6. 11.5.6. QPay болон таны банк, Apple App Store, Google Play: 9 дүгээр хэсэгт заасны дагуу төлбөр боловсруулах;
    7. 11.5.7. Codemagic болон Apple TestFlight: зөвхөн аппыг бүтээж, туршигчдад хүргэхэд ашиглана. 3 дугаар хэсэгт заасан хэрэглэгчийн мэдээлэл эдгээрт очихгүй.

АРВАН ХОЁР. МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ ХУГАЦАА

  1. 12.1. Байршил: зөвхөн сүүлийн байршил хадгалагдаж, шинэ байршлаар байнга солигдоно. “Байршлаа хуваалцах” тохиргоог унтраах, эсвэл бүртгэлээ устгахад устгагдана.
  2. 12.2. Хүүхдийн маршрутын түүх: серверт 30 хоног хадгалагдаж, дараа нь өдөр бүр автоматаар устгагдана.
  3. 12.3. Ирсэн мэдэгдэл: 30 хоног хадгалагдаж, дараа нь устгагдана.
  4. 12.4. Гэр бүлийн чатын мессеж, “Энд байна”, “Намайг ав” мэдэгдэл, ирсэн, явсан тухай тэмдэглэл: тухайн хэрэглэгч бүртгэлээ устгах хүртэл. Гэр бүлийн газар: эцэг эх тухайн газрыг устгах хүртэл.
  5. 12.5. SOS дохио: илгээгч аюулгүй болсноо мэдэгдэх эсвэл нэг цагийн дараа дуусна. SOS дарсан тухай тэмдэглэл илгээгч бүртгэлээ устгах хүртэл гэр бүлийн хуудсанд үлдэнэ.
  6. 12.6. Хүүхдийн бүртгэл үүсгэх QR код: 15 минутын дараа, эсвэл нэг удаа ашигласны дараа хүчингүй болно.
  7. 12.7. Захиалга, App Store, Google Play-ийн гүйлгээний бичлэг: төлбөрийн баримт болж 10 жил хадгалагдаж, дараа нь устгагдана. Бүртгэл устгахад автоматаар устгагдахгүй.
  8. 12.8. Сургуулийн хүсэлт: Мэдээлэл хариуцагч устгах хүртэл.
  9. 12.9. Бүртгэл: хэрэглэгч устгах хүртэл. Идэвхгүй бүртгэлийг автоматаар устгадаггүй. Бүртгэл устгасан тохиолдолд 13 дугаар хэсэгт заасны дагуу устгана.
  10. 12.10. Бид өгөгдлийн сангийн тусдаа нөөц хуулбар хийдэггүй. Устгасан мэдээллийг Google өөрийн нөөцийн системд хязгаарлагдмал хугацаагаар хадгалж болно.

АРВАН ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ УСТГАХ

  1. 13.1. Хэрэглэгч аппын Тохиргоо хэсгийн “Бүртгэлээ устгах” товчоор (8–12 насны хүүхэд өөрийн дэлгэцээс) бүртгэл болон холбогдох мэдээллээ өөрөө нэн даруй устгах боломжтой. Үүнд профайл, сүүлийн байршил, гэр бүлийн тойрогт гишүүнчлэл, өөрийн илгээсэн гэр бүлийн чатын мессеж, өөрийн маршрутын түүх, ирсэн, явсан тухай тэмдэглэл, “Энд байна”, “Намайг ав”, SOS болон бусад мэдэгдэл, ирсэн мэдэгдэл, хувийн нэрс, төхөөрөмж болон токен, нэвтрэх бүртгэл орно. Энэ үйлдлийг буцаах боломжгүй.
  2. 13.2. Бүртгэл устгасны дараа таны үүсгэсэн гэр бүлийн тойрог түүнд үлдсэн гишүүдэд нэр, код, газрын хамт хадгалагдана. Хүүхэд бүртгэлээ устгасан бол 7.10-т заасны дагуу хүүхдийн нэр тухайн тойрогт үлдэнэ. Хоёр хүний хоорондын чатад таны бичсэн мессеж бүртгэлийн хамт устгагдана; нөгөө хүний бичсэн мессеж түүнд үлдэнэ.
  3. 13.3. Аппад нэвтрэх боломжгүй бол, эсвэл эцэг эх хүүхдийнхээ мэдээллийг устгуулахыг хүсвэл tsaskhan.support@gmail.com хаягаар нэвтэрдэг и-мэйл хаягаасаа “Бүртгэл устгах” гэсэн гарчигтай хүсэлт илгээнэ үү. Хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгнө.
  4. 13.4. Бүртгэлээ хадгалсан хэвээр зарим мэдээллээ устгах боломж:
    1. 13.4.1. “Байршлаа хуваалцах” тохиргоог унтраахад насанд хүрсэн хэрэглэгчийн байршил устгагдана;
    2. 13.4.2. Гэр бүлийн тойргоос гарахад таны байршил тэр тойргоос устгагдана;
    3. 13.4.3. Эцэг эх гэр бүлийн газрыг устгаж болно;
    4. 13.4.4. Хүүхдийн маршрутын түүх, ирсэн мэдэгдэл 30 хоногийн дараа өөрөө устгагдана.

АРВАН ДӨРӨВ. МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЭРХ, ЗӨВШӨӨРӨЛ

  1. 14.1. Насанд хүрсэн хэрэглэгч Цасханд бүртгүүлж, байршлын зөвшөөрөл олгож, гэр бүлийн тойрогт нэгдсэнээр энэхүү Бодлогод заасан мэдээллийг цуглуулах, ашиглахыг зөвшөөрсөнд тооцно. Хүүхдийн мэдээллийн хувьд зөвшөөрлийг эцэг эх нь 7 дугаар хэсэгт заасны дагуу олгоно.
  2. 14.2. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэгч, хүүхдийн хувьд түүний эцэг эх зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй. Үүнийг байршил хуваалцахыг унтраах, гэр бүлийн тойргоос гарах, эсвэл бүртгэлээ устгах замаар хийж болно.
  3. 14.3. Мөн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгч дараах эрхтэй:
    1. 14.3.1. өөрийнх нь талаар ямар мэдээлэл цуглуулсныг мэдэх;
    2. 14.3.2. мэдээллээ хэнд дамжуулсныг мэдэх;
    3. 14.3.3. буруу мэдээллээ засуулах;
    4. 14.3.4. мэдээллээ устгуулах;
    5. 14.3.5. мэдээллийнхээ хуулбарыг авах, өөр үйлчилгээ рүү шилжүүлэх.
  4. 14.4. Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл tsaskhan.support@gmail.com хаягаар хандана уу. Бид 30 хоногийн дотор хариу өгнө.
  5. 14.5. Хариунд сэтгэл хангалуун бус бол хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хүний хувийн мэдээллийн хамгааллыг хянах Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй.

АРВАН ТАВ. БАРИМТ БИЧГИЙН ШИНЭЧЛЭЛТ, МЭДЭГДЭЛ

  1. 15.1. Энэхүү Бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийн талаар аппаар дамжуулан мэдэгдэнэ.
  2. 15.2. Өөрчлөлт нийтлэгдсэний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар хэрэглэгч шинэчилсэн Бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

АРВАН ЗУРГАА. ХОЛБОО БАРИХ

  1. 16.1. Мэдээлэл хариуцагч: Д.Тулга, Цасхан аппликейшний хөгжүүлэгч, Улаанбаатар, Монгол Улс.
  2. 16.2. И-мэйл: tsaskhan.support@gmail.com
  3. 16.3. Вэб сайт: https://tsaskhan.com